"Нийтийн тээвэр энэ сарын 17-ны өдрийг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилнэ"
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцав.
Энэ сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл хориглосон.
Хотын дарга С.Амарсайхан энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өгөв.
Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
С.Амарсайхан “Халдвараас урьдчилан сэргийлэхийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай” гэв.
Иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриалж байна.



