Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар Налайх дүүрэгт ажиллажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний тогтоолоор Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар болсон. Энэ дагуу шинэ үйлдвэр барих газрыг сонгох зорилгоор тус дүүрэгт ажилласан байна.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд түшиглэх учраас Налайх дүүрэг, зэргэлдээх Төв аймгийн газар нутгаас сонгон үйлдвэрээ байгуулахаар төлөвлөсөн байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих тооцоо судалгааг ойрын хугацаанд гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бөгөөд хуралдаанаар дэмжсэн тохиолдолд, бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сард эхлэх юм.



