Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн бүх чиглэлд 3-4 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргах болжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрсөн сарын өнгөрсөн сарын 23-нд хаасан улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06 цагт нээж байгаа. Одоогийн байдлаар 5000 орчим иргэн хот хооронд зорчих тасалбар захиалсан нь энгийн үеийнхээс 2 дахин их үзүүлэлт гэдгийг Автотээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн мэдээлсэн юм.

Тэрээр, “АТҮТ-тэй гэрээтэй 64 аж ахуйн нэгж нийт 62 чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Эдгээр аж ахуйн нэгж өдөрт 2500-3000 зорчигч тээвэрлэдэг байсан. Харин энэ удаад ачаалал огцом нэмэгдэх тул тээврийн хэрэгслийн тоог нэмэх болсон. АТҮТ-өөс зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар дуусах, хомсдох зэрэг эрсдэл үүсгэхгүй байхаар ажлаа төлөвлөсөн” гэв.



