Засгийн газрын нэгдүгээр сарын 28-ны өдөр шинэ коронавирусийн /COVID-19/ дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Харин Засгийн газрын өчигдөрийн буюу энэ сарын 19-ны хуралдаанаар онц байдын хугацааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгав.
Тодруулбал, COVID-19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг мөн хугацаанд сунгаснаар Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.
Харин ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болжээ.



