Албан ёсоор Covid-19 гэж нэршээд байгаа шинэ короновирусийн халдвар хилийн дээс алхаж орж ирэхэд тун ойрхон ирээд байна. Одоогийн байдлаар манайд 100 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийг шинжилгээгээр үгүйсгэсэн хэдий ч энэ нь бидэнд тайвшрах шалтгаан биш юм.
Өмнө илэрсэн 132 сэжигтэй тохиолдлын дийлэнх нь буюу 87 нь Улаанбаатарт бүртгэгдсэн байдаг. Тиймээс хүн ам шигүү суурьшилтай нийслэлчүүдийг халдвараас сэргийлэхэд зориулж Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралджээ. Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд нэгдүгээрт, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Онцгой Комиссын шийдвэр Нийслэлийн Засаг Даргын захирамжийг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллахыг Дүүргийн нийт төрийн байгууллагуудад үүрэг болгов.
Мөн нийслэл, дүүргийн нийт иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж хорио цээрийн дэглэмийн үед анхаарал болгоомжтой байж, хорио цээрийн дэглэмийг сахиж, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөө, анхааруулгыг чанд сахихыг уриалсан байна.



