Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар, хилийн боомтуудын хөл хориог дахин цааш сунгах эсэхийг Засгийн газрын өнөөдөр хуралдаанаар хэлэлцэнэ.
БНХАУ-ын нөхцөл байдал, шинэ коронавирусийн халдварын тархалт зэргийг харгалзан хөл хориог дахин гурван долоо хоногоос 30 хоног хүртэл сунгах асуудал яригдаж байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэхээр болжээ.
Манай улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс ЕБС, их дээд сургууль, МСҮТ, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзалгүй гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг гаргасан. Түүнчлэн олон нийтийн арга хэмжээ зохиохгүй байх, үйлчилгээний газруудыг хэсэгчлэн хязгаарлаад байгаа билээ.
Мөн хилийн боомтуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, БНХАУ-ын иргэдийг оруулахгүй байх зэрэг шийдвэрүүд хэрэгжиж байна.



