Шинэ коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 монгол оюутныг хүсэлтийнх нь дагуу энэ сарын 1-ны өдөр эх оронд нь шилжүүлэн авчирсан билээ.
Шилжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гадаад харилцааны яамны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон холбогдох бусад байгууллагатай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан.
Эдгээр оюутныг МИАТ компанийн тусгай үүргийн нислэгээр Улаанбаатар хотод авчирсан бөгөөд оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтанд авч, тусгаарлан өнгөрсөн бямба гаригт тусгаарлалтаас гарчээ.
Мөн тэдний авчирсан 31 оюутны шинжилгээний хариу давтан оношлогоогоор сөрөг буюу хэвийн гарсан тул тусгаарлалтаас гарсан билээ.



