Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийлээ.
Тэрээр "XVII дугаар жарны Төмөр хулгана жил гарч байна. Сар шинэ бол цаг хугацааны үргэлжлэл юм. Урьд нь ямар жамаар, ямар амжилт гаргаж сайн сайхан явсны үргэлжлэл юм. Жаргалтай, сайхан амьдралын суурь шалтгаанаа тавьж чадсан бол хулгана жилдээ дажгүй байна гэж бодох хэрэгтэй. Шашин номын талаас сүсэг бишрэлтэй хүмүүс олон бий. Иймд үүнийг тооцож, харгалзаж үзэх ёстой.
Энэ жил сайхан жил гарах янзтай, манайхан зурхайг хэрэглэж, он тооллоо тооцоолж, өдөр гаригаа тодорхойлдог уламжлал ч байдаг. Ялангуяа цагаан сар монголчуудын уламжлал, шашинг тодорхойлдог.
Цагаан сарын баяраар хуучин жилийнхээ хамгийн сүүлчийн өдрийг буюу битүүний өдрийг сайхан тэмдэглэж, идээ будаагаа засаж, урьд хань нөхөд, найз нөхдөө урьж ёсолдог. Энэ өдөр бол 365 хоногийн хамгийн сүүлийн өдөр учраас бид өнгөрсөнд ямар байснаа дүгнэдэг цаг.
Мөн амьд сэрүүн байснаа тэмдэглэж, шинэ жилдээ цэвэр оръё гэсэн утгатай. Жилийн эхний өдрийг элбэг дэлбэг хангалуун тэмдэглэх нь тэр жилдээ энэ байдлаа алдахгүй байх санааг агуулдаг.
Цагаан сар бол монголчуудын эвлэрэл зохицол, жаргалтай сайхан амьдралын энх зонхи нь байдаг.
Энэ жил хөгшчүүдэд гайгүй зурагдсан, залууст хатуу, нялхаст анхаарууштай жил. Энэ жил дээдсүүдэд ширүүн, жилийн дунд талд бүр ширүүн тиймээс ажилж хөдөлмөрлөж байгаа хүмүүс зөв сайхан ажил хийхгүй бол энэ жил хэцүү байх зурлага харагдаж байна.
Жилийн дунд үедээ бороо хур багатай байх ч сүүл үеээсээ хуртай байх тул тариа ногооноо бүтэн авч чадна. Мал сүргийн сайн анхаарах жил. Зурхайгаар магадлаад өөрийгөө зөв авч чадвал бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд энэ мэдэгдэхгүй.
Дэлхий даяар аймшигтай ханиад, томуу гарч. 700 жилийн тэртээ судар дээр сарьсан багваахай нь зураг тавиад энэ амьтнаас үүссэн хижиг өвчин гарна гэсэн байдаг. Энэ үеэд ямар уншлага уншиж, ямар үрэл хийх, эм уух, утлага хийх гээд заавар байдаг.
Зөв зүйлийг алгаа хавсран зөвшөөрөх хэрэгтэй. Засаг төрийн шийдвэрийг дагаж, гурван сая хүний нэг шүү дээ гээд бусдыг бодож, анхааралтай байх хэрэгтэй.
Гэхдээ монголын ард түмний мянган жил тэмдэглэсэн уламжлалт баярыг Засгийн газар цуцална гэвэл хүмүүст эвгүй байж магадгүй. Эвтэйхэн үгээр хэлэх хэрэгтэй.
Ийм цаг үе ирж ханиад томуу гарна гэж хэлсэн ихэс дээдэс, хувилгаан хутагт, далдын мэдлэгтнүүдийн номууд дотор заалттай байгаа номуудыг унших, үрэл, утлагыг хийж ард түмэнд зүүлгэх нь бидний ажил.
Бид ийм ажил хийдэг. Бид зааврын дагуу хөдөлж байгаа. Бидэнтэй ижил шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг судалж байна. Юу ч гэсэн бид сүсэгтэй улс учраас үрэл утлагуудыг хийж тараах, гандан хийдэд ирж буй хүмүүст арцаар утах ажлуудыг хийнэ. Энэ бол шашны ажил, хэнээр ч заалгахгүй хийнэ. Ард түмний шалгарсан аргыг бүгдийн нь хийж үзэх хэрэгтэй.
Энэ өвчин намдахаар цагаан сарын ном, уншлага заслыг тусгай лам гарган уншиж өгнө.
Бид сүсэглэсэн, үнэхээр хүссэн хүнд нь л энэ үрэлээ хүргэнэ ээ. Аль болох олон хүн цуглуулахгүй байхаар шийднэ" гэлээ.




Сэтгэгдэл (19)