Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 5-нд хуралдаж нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын 2019 оны нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай ажлын саналын тухай ярилцжээ.
Өнгөрсөн онд зам, тээврийн ослын дуудлагын тоо болон ослын улмаас амиа алдсан хүний тоо цөөрсөн үзүүлэлт гарсан байна. Харин хотын захын гэрэлтүүлэг, дэд бүтэц муутай дүүргүүдэд зам тээврийн осол, гэмт хэрэг багасахгүй байгаа юм.
Өнгөрсөн жил зөрчил гаргасан жолооч нарт бэлэн бусаар 35 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнээс 15 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бол 20 орчим тэрбум төгрөгийг зөрчил гаргагчид эргүүлэн төлөөгүй гэнэ.
Иймд энэ мөнгийг яаралтай төвлөрүүлж, цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албаныхан мэдээлсэн юм.
Мөн хяналтын камерын тоог нэмэгдүүлж, гэрлэн дохионуудыг гэрэлтүүлэгтэй болгох гэх мэт ажлыг хийх шаардлагатай байгаа аж.
Энэ хүрээнд Зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах ажлын хүрээнд улс орон даяар “Гарцаараа гарцгаая” аян өрнүүлэхээр болсон байна. Хорио цээрийн хугацаа дууссаны дараа аяныг эхлүүлэх юм.
Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнд хяналт сайжирсан дүн гарчээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



