Өчигдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг иргэнийг тусгаарласан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд уржигдар шөнө (7-8-нд шилжих шөнө) 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн байна.
Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Хамт байсан 10 гаруй хүнд мөн тандалт судалгаа хийж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж, иргэдийг нэг дор олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа. Тусгаарласан иргэний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.
Өнөөдрийн байдлаар (2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн) БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна.
Мөн АНУ-ын нэг иргэн шинэ коронавирусын халдварын улмаас нас барсан нь энэ өвчнөөр гадаадын иргэн нас барсан анхны тохиолдол болсон тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.



