Гаалийн ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
БНХАУ-ын Хунань, Шинжаан мужид коронавирусээс гадна шувууны томуу гарсантай холбогдуулан тус улсаас тахианы мах, шувууны өндөг импортлохыг хязгаарлажээ.
МХЕГ болон ЭМЯ-наас Гаалийн ерөнхий газарт Хунань мужид H5N1, Шинжаан мужид H5N6 вирус дэгдсэнтэй холбоотойгоор зөвлөмж ирүүлжээ. Уг зөвлөмжийн дагуу тус байгууллага БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы тэжээл, өндөг зэргийн импортыг хязгаарлажээ.
Манай улс хоёрдугаар сар гарснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүн импортлоогүй бөгөөд харин өнгөнрсөн нэгдүгээр сард БНХАУ-аас 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортложээ. Өндөгний хувьд, 100 хувь ОХУ-аас импортлосон байна.
Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 30-ны хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар нэвтрэх зорчигчдийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс хязгаарлаж ажиллаж байгаа тухай мэдээллээ.
Мөн амны хаалтанд тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, татваргүй оруулж байна. Тодруулбал, хувь хүний хэрэглэх амны хаалтыг Засгийн газрын 2009 оны 335 дугаар тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд чиглэж ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад, 2019 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн дотоодын зорчигч 181897 байсан бол 2020 оны нэгдүгээр сарын байдлаар, 161816 иргэн нэвтэрчээ. Харин Монгол Улсын хилээр гарсан гадаадын зорчигч 2019 оны байдлаар 182789 байсан бол 2020 оны байдлаар, 150890 байна. Өөрөөр хэлбэл, өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гадаад зорчигчдын гарах хөдөлгөөн нэмэгдэж, дотоодын иргэдийнх багассан байна.



