Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтэс болон бусад холбогдох албаныхан өнөөдөр НЗДТГ-ын Явуулын ажлын байранд ажиллалаа.
Иргэдэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлж, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс “Хоггүй амьдарцгаая” аяныг нийслэл даяар өрнүүлж байгаа. Аяны хэрэгжилтийн явцыг Баянзүрх дүүргийн 5,19,22 дугаар хороодод очиж газар дээр нь үзжээ.
Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, газар зүйн байрлалын хувьд том учраас цэвэрлэгээ үйлчилгээг графикийн дагуу хийсэн ч хүчирддэггүй учир хааяа иргэний байгууллагуудын төлөөллүүдтэй хамтарч их цэвэрлэгээ хийдэг. Баянзүрх дүүргийг дөрвөн бүсэд хувааж Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдыг хувиарлаж цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол явуулж байгаа ч тээвэрлэлтийн машинууд хуучирсантай холбоотойгоор эвдрэх тохиолдол их гарч ажил удааширдаг гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт ярив.
“Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Манай Төрийн бус байгууллага айл өрхүүд аж ахуйн нэгжүүд болон гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2858 тонн хог хаягдал цэвэрлээд байна. Өдөрт 16 машин 30-45 рэйс хийж хог тээвэрлэж байгаа” гэв.
Энэ үеэр хотын Захирагч иргэдийн төлөөлөлүүдтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонслоо. Иргэдээс “Хуучин хоёр гурван сар болоод хог ачдаг байсан бол, одоо энэ хугацаа наашилсан" гэв. “Хоггүй амьдарцгаая” аяны хэрэгжилтийг улам эрчимжүүлж, дүүрэг хороодод сар бүр их цэвэрлэгээ явуулах ажлыг тогтмолжуулах ёстой гэсэн үүргийг хотын Захирагч холбогдох албаныханд өглөө.




