Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэдийн зүгээс хүнсээ их хэмжээгээр нөөцлөхийг уриалсан, шаардсан мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тарааж, тэр нь хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, эрэлт үүсгэх шалтгаан болоод байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээлэл хийлээ.
ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 354.8 МЯНГАН ТОНН МАХ, 251.5 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ НОГООНЫ НӨӨЦ БИЙ


ХҮН АМЫН ЗОХИСТОЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ 158 ХОНОГИЙН ГУРИЛЫН НӨӨЦ БОЛОН 908.6 САЯ ЛИТР СҮҮНИЙ НӨӨЦ БАЙНА


Мөн гурилын үйлдвэрүүдийн хүлээж авсан улаанбуудай болон агуулахад байгаа гурилын хэмжээг жишиж, дундаж нэг хүнд ногдох хэмжээг тооцоход хүн амын зохистой хэрэгцээг 158 хоног хангах нөөцтэй байна.
Хүн амын сүүний жилийн хэрэгцээ 2019 онд 154.8 тонн, сүүн бүтээгдэхүүнийх 174.1 тонн байсан бол нөөц нь 908.6 сая литр байгааг дээрх хүснэгт харуулж байна.
Ч.Улаан: ДУУЛИАН ШУУГИАНААР ХҮНСЭЭ ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-"Ойрын өдрүүдэд дуулиан шуугианаар иргэдийн дунд хүнсээ нөөцлөх нөхцөл бий болж байгааг бид залруулах ёстой. Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ жил бид дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Үйлдвэрүүд хэвийн ажиллагаа явуулж байгаагаас гадна тэжээл үйлдвэрлэлд зориулсан будааны хэрэгцээ хангалттай бий.
Түүнчлэн мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил ид өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Төмс, лууван зэрэг ч жилийн турш жигд борлогдож, иргэдэд хүрнэ.
Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй. Шинэ коронавирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолж буй учир иргэд амгалан байх хэрэгтэй" гэв.



