Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцжээ.
Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулсан болон энэ хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв.
Е.Баатарбилэг:
-"Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй.
Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй.
Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийг хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ.
Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой.
402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.
Гуравдугаар сарын 2-н хүртэл багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа утсаар, цахим шуудангаар гэх мэтчилэн боломжтой харилцаа холбоогоороо холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаар ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй.
Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа, сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх үүрэгтэй" гэв.



