Хэнтийн аймгийн эмнэлэгт энэ сарын 27-ны өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болонзүрх судасны дутагдалтайгаар биеин байдал хүнд нэг хүүхэд иржээ. Түүнд эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй тухайн өдрийн 16:00 цагийн орчимд нас баржээ.
Харин олон нийтийн сүлжээнд шинээр тархаад буй коронавирус илэрсэн гэх ойлголт тараад байсан. Энэ талаар Эрүүл мэндийн яам талийгаачаас дээж авсан, шинжилгээнд өгсөн гэж байв.
Тэгвэл Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан хүүхдээс авсан шинжилгээний хариу гарчээ.
Шинжилгээний хариуг тодруулахад ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон" гэх хариултыг өгөв.
Эрүүл мэндийн байгууллагаас түүний ойр байсан гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэсэн юм.



