БНХАУ-ыг Үхань хотоос эхлэн дэлхий нийтээр тархаж буй шинэ коронавирусын тархалтын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
Юун түрүүнд өчигдөр олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан "Коронавирусын халдвар Монголд орж ирлээ" гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тодруулбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусаар 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан байна. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж байгаа бөгөөд автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд байрлуулсан байна.
Мөн 23-ны өдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23 настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарласан, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэв.
Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 584, нас баралт 17 гэдгийг ДЭМБ-ын албан ёсны мэдээллээс иш татан ЭМЯ мэдээллээ. Нийт өвчлөгсдийн 70 гаруй хувь 40-өөс дээш насныхан байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:
-"Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй.
Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна" гэв.
Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд одоогийн байдлаар 17 нь тус хотод байгаа. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар ЭМЯ мэдээллээ.



