Хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болж 2 жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл Д.Гантулга Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өнөөдөр хэлэлцжээ. Хаалттай шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.
Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хуулийг буцаан хэрэглэх/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /гэмт хэрэг үйлдэхээр завдах/-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл /хүчиндэх/-ийн 1 дэх хэсэг /Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ гэсний дагуу 2 жилийн хорих ял оноосон билээ.



