Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх тооллого өнөөдрөөс эхэлж байна. Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох талаар ҮСХ-ноос мэдээлжээ.
Улсын тооллогын комиссын хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлэн бүрэн хангаж, тооллогын сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг ийнхүү 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулах ажил явуулна. Тооллогын үр дүнг 2020 оны зургадугаар сарын эхээр танилцуулах аж.
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улс хүн ам, орон сууцны Улсын тооллогыг 10 жил тутамд зохион байгуулдаг. Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрч, 2020 онд 11 дэх удаагаа хүн амаа тоолж байна.
Тооллогын үеэр иргэд өөрийн амьдарч буй харьяа хороондоо хандан “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь мэдээллээ хянан баталгаажуулж тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос сануулж байна. Ингэснээр иргэн таны мэдээлэл төрийн мэдээллийн нэгдсэн санд баталгаажиж, ирэх 70 жилийн архивын үнэт лавлагаа болох юм.
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр та “Тоологдов” гэрчилгээг авах юм байна.



