Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 4,550 метр.кв газрыг 2.6 тэрбум төгрөгөөр худалдах тухай зар unegui.mn сайтад тавигдсан нь олон нийтэд эргэлзээ, хардлагыг төрүүлээд байгаа билээ.

Энэ талаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат дараах тайлбарыг хийлээ.
Ш.Үнэнбат:
-"Төв цэнгэлдэхийн газарт үнэлгээ ч хийж эхлээгүй байна. Үнэлгээ хийж дууссаны дараа хуулийн дагуу тухайн нийслэлийн Өмч хувьчлалын комисс өөрийн 49 хувийг үнэлэн нэн тэргүүнд 51 хувийг эзэмшиж буй компанид санал болгох ёстой бөгөөд санал болгосон үнээр хувь эзэмшигч компани авахгүй бол дуудлага худалдаанд оруулна. Хуулийн дагуу бүх юм олон нийтэд нээлттэй явагдана.
Төв цэнгэлдэхийг хувьчилна гэдэг нь газрыг нь шууд зарна гэсэн үг биш. Нийслэл Төв цэнгэлдэхээс өөрийн эзэмшиж буй 49 хувиа л хувьчлах гэж байгаа хэрэг. Төв цэнгэлдэхийн 51 хувийг эзэмшиж буй Т.Нямдаваа гэх хүнд ч ийм зар тавигдсан тухай болоод, ингэж зар тавих нь хууль бус гэсэн бичиг явуулсан. Ямартай ч хэн, ямар зорилготойгоор ийм хуурамч зар тавьсныг судалж байна" гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцэж батлахдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн мэдлийн 49 хувийг хувьчлахаар болсон юм. Засгийн газрын 182 дугаар тогтоолын дагуу нийслэлийн эзэмшлийн нийт 12.7 га газрыг урьдчилсан байдлаар үнэлэхэд 20 тэрбум төгрөгт хүрчээ.



