Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цагдаагийн байгууллагатай холбоотойн хэд хэдэн шийдвэр гаргасныг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас Экологийн цагдаагийн нэгж байгуулах, тээвэр хөдөлгөөний асуудлыг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон.
Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудын байрны асуудал шийдэгдэж дуусаж байгаа. Тиймээс экологийн цагдаа болон хар тамхитай тэмцэх алба байгуулагдаж, шинэ албадыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлээд явна" гэв.
Тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах юм. Орон нутагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий гэсэн 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг, мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болжээ.



