Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулав. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд улс орон даяар хийсэн бөгөөд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулжээ.
Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
-
Хонь 45.5 хувь
-
Ямаа 41.2 хувь
-
Үхэр 6.2 хувь
-
Адуу 5.9 хувь
-
Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.
2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/
-
Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
-
Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
-
Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
-
Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
-
Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 285 мянган малчин бүртгэгдсэн ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй байгаа аж.
2018 оны тооллогоор тоологдсон нийт 290 мянган малчны 26.2 хувь нь Нийгмийн даатгалд хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
Мал тооллоготой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэгдүгээр сарын 10-ны дотор танилцуулахаа ҮСХ-оос мэдэгдсэн юм.



