Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр “2050 он гэхэд Монгол Улсын хүн амын дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ” хэмээв.
Түүний энэ үгэнд эдийн засагчид үл итгэхийн сацуу, ядуурал өнгөрсөн жилүүдэд буураагүй улам нэмэгдсэн хэмээн баталж байна. Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтаасаа нэгийг ч биелүүлж чадаагүй байна. Бид хийж чадсан гэж бардам хэлчих нэг ч зүйл, ажил байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. МАН дандаа амласныхаа эсрэг явсан нь бүгдийн нүдэнд ил зүйл билээ.
Тодруулбал, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээсэн ч өөрсдийнхөө хувийн бизнесийг дэмжиж, ЖДҮХС болон Засгийн газрын тусгай сангуудыг хоослон, тендер, концесс гээд авч болох бүхнийг хувьдаа халаасласан нь ил болсон. Энэ мэтээр эрх баригч намын амлалт, ажлын зөрүүг харвал 30 жилийн дараа Монголын ард түмний 80 хувийг ядууралд оруулах бодлого баримтлах юм байна гэж хэлж болох нь.
Монгол Улс эдүгээ 3.2 сая гаруй хүн амтай болсон. Тэгвэл нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байна. Үндсэний статистикийн хорооны мэдээллээс харвал 2014 онд ядуурал 21.6 хувьтай байсан судалгаа бий.
Эрх баригч МАН 2020 онд ядуурлыг 18 хувь, 2021-2025 онд нэг оронтой тоонд хүртэл бууруулна гэсэн амлалт өгсөн. Гэвч энэ нь биелсэнгүй. Харин ч эдийн засагчдын хэлж буйгаар хүн амын дахиад 30 хувь нь ядуурлын шугамд ойртож очсон байна. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь ядууралд өртөх өндөр эрсдэл байна гэсэн үг.
Гэтэл эрх баригч МАН ядуурлаас гаргах ямар ч ажил хийсэнгүй. Ядуурлын шугам гэдэг нь хүн амын эрүүл, идэвхтэй амьдралыг хангахуйц илчлэгтэй хоол, тэжээл, шаардлагатай бараа, үйлчилгээний хэрэгцээг тусгасан хэрэглээний хамгийн бага зардлыг хэлдэг. Манай улсад энэ ядуурлын шугам буюу уг зардал нь сард 146 мянган төгрөг байгаа юм. Харин ядуу бус, дундаж давхаргад энэ зардал нь 290 мянган төгрөг байна.
Иргэдийн худалдан авах чадвар муудаж ядууралд өртөхөд валютын ханшийн өсөлт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн нэмэгдэл голлон нөлөөлжээ. Тухайлбал, 2016 онд МАН-ыг төрийн эрх барьж эхлэх үед нэг ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл одоо нэг ам.долларын ханш 737 төгрөгөөр өсч 2732 төгрөгтэй тэнцэж буй юм. Энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар, орлого буурч ядуурсан гэсэн үг.
Бодит байдал дээр асуудал ийм байхад эрх баригчид нөгөө худал хуурай үгээ тоть шиг давтсаар байгаа нь харамсалтай.
"Ардчилал таймс" сонин




Сэтгэгдэл (1)