Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
- Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна.
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.
- 2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авчээ. 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.



