Дөрвөн ээлжээр хичээллэж буй нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөл өнөөдөр дахин мэдээлэл хийлээ. 1,600 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллээд хичээлийн хоёр улирлыг өнгөрөөжээ.
Тус сургуулийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр энэ тухай:
-“Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо өөрийн гэсэн хичээлийн байргүй, ганц баригдсан сургуулийг нь БСШУС-ын сайд "Монгол тэмүүлэл" сургуульд хууль зөрчиж эзэмшүүлсэн. Үүний улмаас 133 дугаар сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сургуулийн насны нийт 5,600 хүүхэд байдгаас 1,600 нь л Үндсэн хуулиар олгогдсон боловсрол үнэгүй эзэмших эрхээ эдэлж байна. Бусад хүүхдүүд нь харьяа дүүрэгт нь өөр сургууль байхгүй учраас тэр эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Гэтэл эрхээ эдэлж байгаа 1,600-н хүүхэд нь хүртэл дөрвөн ээлжээр хичээллэж байгаа нь харамсалтай.
Монгол тэмүүлэл сургуулийн сурагчид 8-10 цаг ганцхан ээлжээр хичээллэж байхад 133 дугаар сургуулийн сурагчид 2-3 цагаар дөрвөн ээлжээр хичээллэдэг" гэв.
2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр тус барилгыг Улсын комисс 133 дугаар сургуулийн барилгаар гэж хүлээж авчээ. Гэтэл гуравхан сарын дараа БСШУС-ын сайдын тушаал гарч, улсын комисс дахин хуралдсан мэтээр гарын үсэг зураад 133 дугаар сургуулийн барилгыг "Монгол тэмүүлэл" сургуулийн барилга хэмээн хүлээж авсан байна.
Сүүлд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг дарга БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар "Монгол тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэхээр болсон ч сурагчдын эцэг, эхчүүд хамтарсан тушаалыг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тиймээс 133-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дамжуулж "Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхчүүдийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг хүслээ.
Эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр энэ тухай "Энэ бүхний цаана Баянзүрх дүүргийн 1,600 гаруй хүүхдийн эрх ашгаас гадна 26 дугаар хорооны нийт 5,600 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Өнөөдөр 1,600 хүүхэд Монгол улсын стандартаас 3-4 дахин доогуур хичээллэж байна. БСШУС-ын сайд Монгол тэмүүлэл сургуулийг шинээр бариулахаар 3.5 тэрбумыг Улсын төсөвт оруулсан.
"Монгол тэмүүлэл" сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн нэгдүгээр байрны засвар нь дууссан энэ долоо хоногт Улсын комисс хүлээж авах байх. Харин Улсын комисс авсны дараа 133 дугаар сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэв.
Нийслэлийн 133-р сургууль өнгөрсөн хоёр улирлын турш:
- I ээлж: Өглөө 08:00-11:00 цаг хүртэл
- II ээлж: 11:30-13:30 цаг хүртэл
- III ээлж: 13:30-15:00 цаг хүртэл
- IV ээлж: 15:30-19:00 цаг хүртэл хичээллэж иржээ.
Энэ байдал нь эцэг эхчүүдийн ажилд хүртэл саад болж байна. Өглөө сургуульд нь нэг хүргэж өгөөд өдөр авдаг, эсвэл өдөр хүргэж өгөөд орой авдаг байтал би хүүхдүүдээ засвар зайгүй сургуульд нь хүргэж өгч, авсаар өдөр өнгөрч байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна.



