Гаалийн ерөнхий газар 2019 онд хууль бусаар бэлэн мөнгө нэвтрүүлэх гэж байсан долоон удаагийн зөрчлийг илрүүлжээ. Эдгээр долоон тохиолдлоор 674.7 сая төгрөг хурааж, 101.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Монгол Улсын хилээр 15 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстой.
Монгол Улсын иргэдийн тухайд Монголын Гаальд мэдүүлэхээс гадна тухайн зорчиж буй улсынхаа хуульд заасан хэмжээнээс их мөнгө бэлнээр авч явж байгаа тохиолдолд мөн Гаалийн мэдүүлэг бөглөх, Монголын хилээс гадна бусад улсын хилээр нэвтрэхдээ хуульд нь заасанчлан авч явж буй бэлэн мөнгөө мэдүүлэх шаардлагатай. Гаальд мэдүүлсэн тохиолдолд бэлэн мөнгө хүссэн хэмжээгээрээ авч явах боломжтой юм.
Хэрэв гаальд мэдүүлэлгүйгээр их хэмжээний бэлэн мөнгө хилээр нэвтрүүлэхийг завдвал мөнгийг нь улсын орлого болгон хураан авахаас гадна тухайн мөнгөний 30%-тай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулдаг байна.



