Юу ч хийсэн сэтгэл дутдаг нөхдийг төрийн албаныхан гэдэг бололтой. Эсвэл сэтгэл байсан ч ухаан дутдаг байх. Үүнийг өнгөрөгч өдрүүдэд Сүхбаатарын талбайг тойруулан тавьсан “чулуун хэрэм” нотолно. Хотын захирагч энэ тухай “Хотын төв талбайгаагаар автомашинтай дайрч орох тохиолдол гардаг учраас иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хийсэн” хэмээн тайлбарласан боловч араас нь “Нийслэл зөвхөн санхүүжилтийг нь гаргасан. Төрийн тусгай хамгаалалтын газар хийсэн учраас өөрсдөө хариуцаж засна биз. Загвар дизайны хувьд хангалтгүй болсон байна” хэмээн чамлав.
Ингээд нийслэлийн төсвөөс 150 сая төгрөг гаргаж хийсэн 396 ширхэг /одоогоор цөөн хэсгийг нь байрлуулаад байгаа/ чулуун хаалтыг авч ч чаддаггүй, хаяж ч чадахгүй байдалд ороод байна. Иргэд тэдгээрийн хийцийг чамлаж, “талийгаачийн бунхан шиг муу ёртой” хэмээн шүүмжлээд байгаа.
Уг нь аль ч улс оронд төв талбайдаа чулуун хаалтаар хүрээлүүлдэг, тэр нь зүгээр нь хаалт биш, иргэдийн амарч суухад тохиромжтой байхаар хийгддэг жишээ байдаг л юм байна. Гэхдээ тэр нь өөрийн гэсэн өнгө үзэмж, хэв загвартай байх ёстой. Харин манай нийслэлийнхэн, Төрийн тусгайгийнхны хамжиж хийсэн чулаан хаалтыг тийм гэж хэлэхээргүй болсныг бүгд харсан. Үүнийг сэтгэл дутна гэдэг байх. Эсвэл ур ухаан, чадвар дутсаных биз. Ингэхэд хотын захирагч хэрвээ ийм хаалт, хашлага хийлгэмээр л байсан юм бол яагаад заавал Төрийн тусгай хамгаалалтынхнаар хийлгэх гэж. ТТХГ ямар чулууны үйлдвэр юм уу. Ядаж л хийлгэдэг дээрээ тулахад ийм тийм хэлбэртэй, өнгө үзэмжтэй байх ёстой гэдэг шаардлагаа эхнээс нь тавих хэрэгтэй биз дээ.
Тэгэхгүйгээр ШШГГ-л ял эдэлж байгаа хэдэн хоригдлуудаар /бодвол тийм л биз/ хэдэн чулуу тасдуулж авчирчихаад үүнийгээ “ажил хийсэн” мэтээр ярих нь арай л сэтгэлгүй хэрэг биш үү?
Манай төрийн албаныхны сэтгэлгүйг нотлох бас нэг “бүтээн байгуулалт” төрийн ордон дотор хийгдсэн байна. УИХ-ын дарга асан Г.Батхүүгийн осолдож амиа алдсан Төрийн ордны хоёрдугаар давхрын гонхыг мөн л шилэн хаалтаар өндөрлөжээ. Албан байгууллагуудын тасалгаа гаргадаг зузаан шилийг тэр чигээр нь авчираад багануудын хооронд төмрөөр бэхэлчихсэн. Уг нь бол тэр гонх ч гэсэн уг барилгын бас нэг “дизайн” байлаа. Тэгээд ч гонхны дотор талд баргийн хүн унаад үхчихээргүй хаалт хамгаалалт байгааг зургаас харж болно. /Г.Батхүү агсны хувьд чухам яаж яваад ийшээ нисчихсэн нь бас л эргэлзээ төрүүлдэг/ Гэтэл тэрийг нь босоо хүний нуруунаас өндөр шилээр хаачихаар гонх нь ч гонх биш болсон байна. Мэдээж манай ТТХГ-ынхны л бүтээл байх л даа. Гадаа өрсөн "бунхны" чулуунаас дээрдэх юм алга.


Үүнийхээ оронд мэргэжлийн хүмүүс нь захиалга өгөөд, загвар дизайныг нь гаргаад арай өөр загвартай, өнгө үзэмж нэмсэн, утга агуулга бүхий гоёлын маягтай төмөр хийц, хаалтыг хийсэн бол арай л дээр харагдах байсан болов уу. Юу ч хийсэн сэтгэл дутдаг нь манай төрийнхны маяг юм даа.
Б.ЗАЯА



