Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөл шинэчлэл хийж, ашиглалтад оруулсанаас хойш сар орчим болж байна. Зам ашиглалтад орсноос хойш хэд хэдэн удаагийн осол гарсан бөгөөд үүнийг жолоочийн хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:
-"Налайхын зам нь бүрэн ашиглалтад ороогүй байгаа бөгөөд одоогоор суурь хучилтыг нь хийгээгүй, тусгаарлах зурвасууд дээр гэрэл ойхоос хамгаалах зүйлсийг байрлуулаагүй байна. Мөн цэгт гүүрэн гарц байрлуулах ёстой.
Зам ашиглалтад орсноос хойш хэд хэдэн осол гарсан нь жолоочийн хурд хэтрүүлсэнтэй шууд холбоотой. Улаанбаатар-Налайх чиглэлийн зам бол 200 километр биш 20-хон километр урттай. Өөрөөр хэлбэл, нийслэлээс Налайх орохын тулд 50 км/цагийн хурдаар зорчиход 30 минут л зарцуулна.
Хурдтай зорчиход замаар гарч яваа явган зорчигчид хаагуур зам гарах вэ гэх асуудал ч бий. Ирэх жил бүрэн ашиглалтад орсны дараа тодорхой хэмжээнд замын зөвшөөрөгдөх дээд хурдыг өөрчлөн зохион байгуулах боломж бий. Энэ жилийн хувьд замын арчлалтаас эхлээд зарим хийгдэх ёстой ажлууд жигдрээгүй байгаа учраас жолооч нар тухайн зам дээр 50 км/цагаас дээш хурдтай явах боломжгүй. Одоогоор тухайн замын гурван байршилд автомат хурд хэмжигчийг байрлуулсан" гэв.



