МХЕГ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар нийт үйлдвэрүүдийн 40 хувь нь орон нутгийн мал эмнэлэг, ариун цэврийн газрын гэрчилгээгүй ажилласан зөрчил илэрсэн байна.
Мөн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд шингэн болон бусад хог хаягдлуудаа зориулалтын бус газар хаядаг зөрчил байсаар л байна. Үүний улмаас нь байгаль орчин бохирдсоор байгаа юм.
Түүнчлэн, зарим үйлдвэрүүд хүнсний зориулалтаар ашиглахад тохиромжгүй, стандартын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа зөрчил илрүүлжээ.
МХЕГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг: "Шингэн хог хаягдал гэж гардаг, өнөөдөр манай үйлдвэрүүд дээр хүнсний хангамжинд цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх асуудал байхгүйтэй холбоотойгоор өдөр болгон гарч байгаа малын цусыг шууд бохирруугаа хийж байна. Шингэн хатуу хог хаягдлыг нь Улаанбаатарын Улаанчулуутын хог, төв цэвэрлэх байгууламж руу зөөж байгаа нь хүн амын аюулгүй байдал, үүгээр дамжиж мал амьтны халдварт өвчин, дамжин тархах эрсдлүүд бүрдэж байгаа юм.
Улс бодлогын хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий эд, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, арьс ширний үйлдвэрүүдийн район бий болгосон ч тэнд газар олголт явагдаж, эргээд суурьшлын бүс бий болчихоод байна. Ингэхээр дахиад нүүх үү гэдэг ийм бодлогогүй зүйлүүдээс үүдээд байна. Дараа дараагийн үйл ажиллагаа хийхдээ тухайн газар нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал төхөөрөх үйл ажиллагаа явуулахдаа хамгийн түрүүнд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн бодлого, цогц дэд бүтцийг бий болгож байж тэндээ төвлөрүүлэх нь чухал.
Одоо нэгэнт бий болсон нөхцөлд учир улс Налайхын бүс нутаг, Эмээлтийн бүс нутагт цэвэр бохир усыг нь татаж, бүх үйлдвэрүүдийн халаалт нэгдсэн дулааныг татаж холбох гэх мэт энэ ажлуудыг явуулбал айл айлын хашаанд бохир байхгүй болж, нэгдсэн шугамаар зайлуулвал жил болгон давтагддаг ариун цэвэртэй холбоотой, байгаль орчинтой холбоотой зөрчил багасах үндэслэл болох юм" гэлээ.
Махны үйлдвэрүүдэд жил бүр шалгалт хийж зөрчлийг арилгуулдаг ч ариун цэвэр, эрүүл ахиутай холбоотой зөрчил байнга гарч буурдаггүй байна. Энэ нь эргээд цогцоор нь бодлогын түвшинд асуудлыг шийдэхгүй байгаатай нэг талаараа холбоотой аж.
Уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрдөг 96 үйлдвэр цех, 144 аж ахуйн нэгжид шалгалт хийж, 500 орчим зөрчил илрүүлжээ. Үүнээс одоогоор 60 гаруй хувийг нь арилгуулаад байгаа аж.
Ц.Байгал



