Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж, хуралдаанаар ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай "Бюро Веритась Русь" ХК-ийн "Регион Север Запад" лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын Сөүл хотын Элчин сайдын яамаар дамжуулан "SGS Korea" лабораториудад шинжлүүлсэн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.

Тэрбээр “ОХУ, БНХАУ, БНСУ руу явуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний лабораторийн шинжилгээний хариу албан ёсоор ирсэн. Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лаборатори шинжлэхдээ техникийн үзүүлэлт, элементийн үзүүлэлт, химийн найрлага, чөлөөт хөөлтийн зэрэг гэсэн үзүүлэлтүүдээр шинжилсэн. Бүх лабораторийн шинжилгээгээр сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан байна. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг гэдэг нь нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэлдэг. 1-9 гэсэн хүртэл үзүүлэлтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн үзүүлэлтэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэв.
Мөн Нийслэлийн онцгой комиссоос хяналт шалгалт явуулсны дагуу Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн шуурхай штаб, хороодын эрсдэл бүхий айл өрх, уурын зуух ашигладаг аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтын ажлыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллажээ. Эрсдэл өндөр бүхий нийт 35 хорооны 52 айл өрхөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн очиж, сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, түлшний хадгалалт, пийшин зуухны бүрэн бүтэн байдал зэргийг шалгаж, 82 сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэн ажилласан байна. Түүнчлэн дүүргүүдийн Шуурхай штаб байгуулагдсанаас хойш мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрсэн гэж мэдээлэв.




