Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 116000 өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 0 төгрөг болголоо. Хөнгөлөлт 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Цахилгааны шөнийн тарифыг 21.00-06.00 цагийн хооронд мөрдөх бөгөөд 100 хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд эдлэх ажээ.
Гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь,
Аймгийн төв болон, 10,000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хувь хөнгөлөгдөнө.
Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар холбогдсон цахилгааны хүчдэлийн түвшнээс шалтгаалан 220В бол 700кВт.цаг, 380В бол 1500кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй тарифаар буюу 38.55 төгрөгөөр тооцох юм байна.
Тавин хувийн хөнгөлөлтийг нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 11, 20, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Налайх дүүргийн бүх хороо болон Төв аймагт харьяалах гэр хорооллын тарифт электрон тоолууртай айл өрхүүд ч мөн эдлэх боломжтой.
Тиймээс айл өрхүүд шөнийн цагаар цахилгаан халаагуур хэрэглэхдээ цахилгааны утсаа сайтар шалгах, ачаалал даахгүй муудсан утсыг солих, галын аюулаас болгоомжлохыг сануулж байна.



