Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замыг шинэчлэх ажил үргэлжилж байна.
Тус замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нээс нээхээр болсон тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлжээ. Ингэснээр иргэд түр замаар зорчихгүй. Харин дулааны улирал эхэлмэгц бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх аж.
Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ:
-"Шарын, Хустайн, Тахилтын зэрэг давааг 5-7 метр ухаж намсган хайрган хучилт хийж, иргэдийг зорчиход аюулгүй болгоод байгаа. Үндсэн замын хөдөлгөөнийг нээснээр иргэд түр замаар зорчихгүй болно. Дулааны улирал эхлэхээр буюу хавар хоёр эгнээ хуучин замаа шинэчлэх ажил үргэлжилнэ.
Гүйцэтгэгч компаниудын хувьд ажил нь зогсохгүй, чулуугаа бутлах, машин техникийн засвар үйлчилгээг хийх зэргээр ирэх жилийн ажилдаа бэлтгэнэ. Үндсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглэгээг сайтар тавьж байна. Иргэдийг зам засварын ажил дуусаагүй байгааг ойлгож дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг уриалж байна" гэлээ.



