Булган аймгийн Засаг даргын тамгын газар санаачлан “Айргийн баяр-2019”-ыг анх удаа нийслэл хотноо зохион байгуулав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан айргийн баярт оролцохоор тус аймгийнхан 50 гаруй тонн айрагтай иржээ. Нэг литр айраг 5000 төгрөгийн үнэтэй байв.
Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга:
-“Айраг бол Булган аймгийн брэнд бүтээгдэхүүн. Намрын их ажлын ард гарч, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг ханган, ургацаа хурааж дууссан тул нийслэлийнхэндээ адуу, айрагтай холбоотой өв соёлоо сурталчилж байна. Зуны цагт аль ч нутагт айраг элбэг байдаг. Харин намар болж, малчид гүүгээ тавьж, цагаан идээ ховордож буй энэ цагт нийслэлийнхэн төдийгүй жуулчдад хөхүүрийн шинэхэн айргаар бэлэг барих нь энэ наадмын зорилго юм.
Баян-Агт сумын Халтар багийн иргэн Ш.Цэвэгсүрэн:
-“Манайх 250-иад адуутай, зундаа 50 гаруй гүү барьдаг. Миний аав насаараа гүү барьсан. Би ч уламжлалаа дагаад 20 гаруй жил гүү барьж байна. Энэ айргийн баярт манай сумынхан 6 тонн айрагтай ирсэн.
Айргийн баярын үеэр урлагийн тоглолт, “Айрганд хуруудъя”, “Дэмбээ”, “Хэн айраг сайн уух вэ?”, “Сайхан айраг”, “Сайхан хөхүүр” тэмцээн зохион байгуулжээ.



