"Улаанбаатар смарт карт" компаниас "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
"Улаанбаатар смарт карт" компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд:
-"U-Money.mn сайтыг өчигдрөөс шинээр ашиглалтад орууллаа. Энэ вэб сайт U-Money картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой.
Хэрэглэгч веб сайтад гишүүнээр элсэж, өөрийн хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.
Мөн UB Smart Bus аппликешнээс хардаг автобусны байршлын мэдээллийг харж болно. Зөвхөн хот доторх нийтийн тээвэр төдийгүй хот хоорондын автобусны байршил, нислэгийн цагийн хуваарь гэх мэт мэдээлэл бас бий.
Үүний дараа арваннэгдүгээр сард багтаагаад вэб сайтын мобайл хувилбар буюу U-Money аппликешнийг гаргахаар ажиллаж байна. U-Money аппликешн ашиглан U-Money картаа цэнэглэж болно.
UB Smart Bus аппликешний шинэчилсэн хувилбарыг мөн өчигдөр гаргасан. Шинэ хувилбар нь хурдны хувьд сайжирсан. Иргэдээс "Аппликешн удаан байна, автобус харагдахгүй байна" гэх гомдол их гардаг байсныг ийнхүү сайжрууллаа. Мөн автобусны буудалд автобус ойртон ирж байгаа эсэхийг өнгөөр ялган харуулах, хэдэн минутын дараа ирэх, автобусны буудал дээр ямар ямар чиглэлийн автобус зогсох талаар мэдээллийг харуулдаг болсон.
Мөн иргэдийн зүгээс "карт цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна" гэх гомдол бас их гаргадаг. Тиймээс банкны пос машинаар U-Money картыг цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа. Арванхоёрдугаар сар гэхэд уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэв.





