Өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийж, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагаас өчигдрийн 06.00 цаг хүртэлх /6 хоног/ хугацаанд 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныг мэдээллээ. Тэдгээрийн 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байжээ.
Харин 16 хүн угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгдэн дөрөв нь амиа алдсан явдал 5-6-нд шилжих шөнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Үүнээс өмнө буюу 3-5-ны өдрүүдэд 35 хүн угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 6-ны өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа анх хэлсэн. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшний хэрэглээнээс болж угаартах явдал бүр 7-8 хоногийн өмнөөс эхэлсэн гэсэн үг.
Харин өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшинд асуудал байхгүй, шинжилгээ дүгнэлт тэгж гарсан. Иргэд түлшийг стандартын дагуу хэрэглээгүй, аюулгүй байдлаа хангаагүйгээс ийм явдал болж байна. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар тавьсан зорилгоосоо ухрахгүй” гэв.
Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг эргээд түүхий нүүрсээр солихгүй. Та нар ямар ч үнээр хамаагүй хэрэглэж сур аа... л гэж байна. Мөн угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон гэв.
Угаарын хий мэдрэгч нь Amazon.com сайтад тавигдсанаар хамгийн багадаа зургаан доллар, дээд тал нь 200 долларын үнэтэй байна. Манайхан л болсон хойно хамгийн хямдыг нь авахад, 200 мянган өрхдөө хүргэнэ гэвэл 1,2 сая доллар буюу гурван тэрбум орчим төгрөг болох нь ээ. Харин тэдгээр төхөөрөмж нь орж ирээд, өрхүүдэд тараах хүртэл дахиад хэдэн хүн амиа алдахыг тааварлашгүй.
Тэгээд ч угаарын хий мэдрэгч түгээх нэг хэрэг. Харин өрх бүр сайжруулсан түлш хэрэглэх стандартын зуухтай байх нь бас өөр хэрэг. Өчигдөр мэргэжлийн хяналт болон онцгой байдлынхны хийсэн мэдээллээс үзвэл нийслэлийн 200 мянган өрхийн тал хүрэхгүй хувь нь төслийн зуухтай, үлдсэн талаас илүү хувь нь энгийн зууханд галлагаа хийж байгаа гэсэн. Энэ тохиолдолд угаарын хий мэдрэгчтэй байснаар аюул ослоос сэрэмжилж чадах уу?
Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлэн байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх нь аль нийгмийн ёс суртахуун бэ?
Б.ЗАЯА



