Сэлэнгэ аймагт аав, хүү хоёр баавгайд бариулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Цагдаагийн ерөнхий газраас уг мэдээллийг баталсан юм. Мөн хэргийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Уг хэрэгтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ойн хүрэн баавгайнаас болгоомжлох сэрэмжлүүлгийг гаргажээ.
2019 онд ойн дагалт баялаг муу ургасан, ойд идэх идэш хоол нь багассаны улмаас баавгай хөвчөөс бууж голын бургас, сууршлын бүс руу орж ирж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Жавхлант, Хүдэр, Сант, Хушаат, Ерөө зэрэг сумдын нутагт малчдын намаржаа руу орж ирсэн байна. Иймд баавгайн халдлагаас иргэд, малчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
1. Малчид тухайн бүс нутгаас нүүх
2. Бүс нутгаас нүүхгүй бол нэг дороо төвлөрч буух
3. Айл өрхүүд орой үдшийн цагаар май, гал гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
4. Орой үдшийн цагаар хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах,
5. Машин, мотоциклоо асахад бэлэн байлгах,
6. Үргээлэг хийх энгийн арга хэмжээ авах
7. Хоорондоо байнгын холбоотой байх
8. Баавгайг алж устгахгүй байх
9. Идэш тэжээлийн зүйл өгөхгүй байх
Иргэд намрын улиралд самар жимс зэрэг дагалт баялгийг түүх, хадлан бэлтгэх, төмс хүнсний ногоо үр тариа хураах зорилгоор хөдөө, орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.



