x

Т.Тулга: “Олимпийн эрх авчихлаа” гээд санаа амрах болоогүй

Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээний аварга, УАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, ДАШТ-ийн тав, долоодугаар байрын шагналт, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Төмөр-Очирын Тулгатай MNB ярилцжээ. ОУХМ Т.Тулга энэ жилийн ДАШТ-ий 65 кг-ын жинд хүч үзэж, “Токио-2020” олимпийн наадмын эрхийг “халаасласан” билээ.  

-Саяхан болсон ДАШТ-д зодоглож, “Токио-2020” олимпийн наадмын эрх авсанд баяр хүргэе. Хоёр дахь удаагаа дээрх тэмцээнд өрсөлдсөн танд энэ жилийн тэмцээн юугаараа онцлог болов?

-Баярлалаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Унгарын нийслэл Будапешт хотод болоход би долоод бичигдсэн бол энэ жил тавдугаар байрыг эзэллээ. Өнгөрсөн жил Энэтхэгийн бөх Бажранг Пунияд 4:3 харьцаагаар, дагах барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдсан.

-Тэгвэл энэ жилийн тэмцээнд ч гэсэн хуучны учраа болох Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө хүч үзэж дийлдсэн. Гэхдээ ялах боломж байсан шүү дээ ...

-Тийм. Эхний үед 6:0-ийн харьцаагаар хожиж яваад тактикийн алдаанаасаа болж, өрсөлдөгчийнхөө унаган мэхэнд орж, харамсалтайгаар ялагдсан. Харин олимпийн эрхийн төлөө ХБНГУ-ын тамирчин Александр Семисоровтой өрсөлдөж, 8:0-ээр ялсан. Энэ бөх өнгөрсөн оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальтай.

-Жингийнхээ тамирчдыг хангалттай судалж чадсан байсан уу?

-Бүгдийг нь судалсан байсан. Энэ жилийн тэмцээнд илүү олон тамирчин оролцсоны зэрэгцээ шинэ бөх нэлээн ирсэн байсан. Миний жинд 44 тамирчин өрсөлдсөн. Би таван барилдаан хийж, тэмцээнээ дуусгасан.

-Та “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулгын шавь. Багш тань барилдаан бүрт юу гэж захиж байв. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас нисэхдээ ямар зорилго “өвөртөлж” явсан бэ?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд явахдаа би ДАШТ гэж чухам юу бэ гэсэн ямар ч төсөөлөлгүй байсан. Харин энэ жил өнгөрсөн жилийнхээ алдаа дутагдлыг дотроо цэгнэж, медаль авна гэсэн итгэл дүүрэн байсан. Бэлтгэл сургуулилт маань ч хангалттай хийгдсэн байв. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас ирээд удаагүй байхдаа би өөртөө зориулж, төрийн далбаа худалдаж авсан юм. Олон улсын тэмцээнд оролцоод медаль хүртвэл тэр далбаагаа мандуулах гээд л ... Түүнийгээ би энэ жилийн ДАШТ рүү авч явсан. Гэвч даанч хэргийг нь гаргаж чадсангүй.

-Энэтхэгийн бөх Бажранг Пунияд хоёр удаа ялагдчихлаа. Гол алдаа юунд байна гэж одоо дүгнэж байна вэ?

-Тэр бөхийн барилдаанд нь би хэт их ороод байсан. Хийдэг мэхийг мэдсээр байж хамгаалж чадаагүй байх талтай. Уг нь түүний барилдаанд надад их тохирдог л доо. Би эхний үед 2:0-ийн харьцаатай хожиж яваад тонгороод даралтад оруулсан юм. Хэрвээ хагас дооль тэсчихсэн байвал ялах байлаа. Гэтэл алдаад босгочихсон. Гол шалтгаан нь би хэтэрхий их яарсанд байх. Тэгээд 8:7 харьцаагаар хожигдохдоо маш их харамсдаг юм билээ. Уг нь дэлхийн аваргаас медаль авна гэдэг том даваа шүү дээ. Гэхдээ одоо би тэр талаар бодохыг хүсэхгүй байна. Дараагийн бэлтгэл сургуулилт, тэмцээндээ л анхаарна.

-Үндсэн мэх тань юу вэ?

-Тонгорох. Түүнээс дамжиж дараагийн мэхүүдээ хийнэ.

-Олимп болоход 10 сарын хугацаа үлдлээ. Форумаа хэрхэн хадгалах вэ?

-ДАШТ-ээс ирээд 14 хонохдоо амралтын байдалтай байна. Харин ирэх долоо хоногт сарын турш хүчний бэлтгэлээ хийнэ. Энэ талын бэлтгэл надад дутмаг байгаа нь саяны тэмцээнээс мэдрэгдсэн. Дараагийн сард нь ажиллах чадвар тал руугаа шилжих гэх мэт дараалалаар багш нарынхаа заавраар үргэлжлүүлнэ. Гэхдээ би энэ удаагийн ДАШТ-ээс хувь хүнийхээ үүднээс олимпийн эрх аваагүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэ журам зарлахдаа жишээ нь “Монгол Улсын 65 кг-ын жингийн аль нэг тамирчин “Токио-2020”-д өрсөлдөх эрхтэй боллоо” л гэсэн заалт гарсан. Тэгэхээр Монголын чөлөөт бөхийн холбоо ирэх оны олимп хүртэл энэ жинд хэн нь сайн байгааг нь сонгож, олимпод оролцуулна гэсэн үг. Ирэх оны нэгдүгээр сард УАШТ болно. Би тэр тэмцээнд өрсөлдөж түрүүлбэл Токиогийн олимпод оролцох бүрэн эрхтэй болно. Харин УАШТ-д оролцохгүй эсвэл оролцлоо ч өөр тамирчин түрүүлбэл ирэх тавдугаар сард болох халз барилдаанд УАШТ-д түрүүлсэн тамирчинтайгаа хүч үзэж, хэн ялсан нь олимпийн эрх авна. Тэгэхээр одоогоор би “Олимпийн эрх авчихлаа” гээд санаа амар суух болоогүй байна. Одоо нэг даваа байна гэсэн үг.    

-“Арслан” клубт хэдэн оноос бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-Энэ жилийн УАШТ таны хувьд нэлээн ширүүн болсон. Б.Батмагнай, Б.Наранболд, Н.Лхамгармаа нарыг ялж, түрүүлсэн. Эдгээр шилдэг тамирчинг ялах гол тактик чинь юу байсан бэ?

-Би насанд хүрэгчдийн УАШТ-д оролцохдоо нэг мөнгө, хошой хүрэл медальтай байсан бол энэ жил анх удаа түрүүлж, медалиа иж бүрдэл болголоо. Дээрх тамирчидтай таарахдаа би өөрийнхөө давуу талыг ашиглаж, ажиллаж барилдсан.

-Та хэвлэл, мэдээлэлд огт ярилцлага өгөөгүй юм билээ. Тиймээс таныг уншигчиддаа илүү танилцуулах үүднээс аав, ээжийн тань талаар тодруулья. Ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?

-Аав малын эмч мэргэжилтэй ч одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол ээж үсчин хийдэг. Тэд маань намайг бага байхаас л дэмжиж ирсэн. Аав маань намайг хөтөлж чөлөөт бөхийн дугуйланд оруулж байлаа. Тэр цагаас хойш өсвөрийн ДАШТ-ээс эхлээд олон арван тэмцээнд хүч үзэх болоход банк болон ББСБ-аас зээл авч явуулдаг байсан. Нэг орон руу тэмцээнд явхад доод тал нь гурван сая төгрөг шаардагддаг. Гэвч тэд минь өчүүхэн ч шантралгүй намайг аль болох тэмцээн алгасуулалгүй явуулж байсан. Энэ спортдоо тууштай барилдаж буй минь үндэс ч гэж хэлж болно.

-Бөх, морь хоёр удам дагадаг гэдэг. Танай гэр бүлийнхэнд спортын хүн бий юу?

-Ээжийн төрсөн дүү Б.Болдоо ах сумын заан бол өвөөгийн дүүгийн хүү нь аймгийн арслан цолтой. Ш.Мөнх-Од гэж хүн бий. Харин аавын талынхан залуудаа ямар нэгэн цол хүртэж байгаагүй ч ноцолдох дуртай хүмүүс байсан юм билээ.

-Таныг эхнэр хүүхэдтэй гэж сонссон. Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Манай эхнэрийг Э.Мөнхзул гэдэг. Маркетингийн менежер мэргэжилтэй ч одоогоор хүүхдээ хараад гэртээ суурин байна. Бид Нандин гэдэг хөөрхөн охинтой. Бид хоёр гурван жилийн өмнө танилцаж гэр бүл болсон. Гэргий маань миний санааг зовоолгүй ар гэрийн ажлаа харж, тордож яваа болохоор миний амжилт улам өсч байгаа.

-Спортын олон төрлөөс чөлөөт бөхийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

-Дунд сургуулиа би Зүүнсалаа дахь 101 дүгээр сургуулийг төгссөн юм. Дөрөвдүгээр ангид сурч байхад биеийн тамирын Болормаа багш надад “Дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Чи оролцох уу” гэсэн саналыг тавьснаар анхныхаа тэмцээнд оролцож байлаа. Тэр тэмцээнээс би хүрэл медаль хүртсэндээ баярлаж, бүр уйлж билээ. Тэгэхэд аав намайг клуб руу дагуулж очиж бүртгүүлснээс хойш энэ спортод эргэлт буцалтгүй орсон доо. Би Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран ахыг их үнэлдэг, хүндэлдэг. 2016 оны олимпод сайн барилдсан хэрнээ хожигдсон. Гэтэл түүнийг хүмүүс янз бүрээр л хэлж байлаа. Гэвч тэр бүхнийг хүндээр тусгаж авалгүйгээр зүтгэсээр дараагийн тэмцээнүүдэд хэрхэн яллаа даа. Энэ хүний сэтгэлзүй бол агуу.     

-Анхны медаль хүрэл байх нь билэгдэлтэй гэж олон тамирчин хэлдэг юм билээ. Дараа дараагийн амжилтын замыг нээдэг гэх юм. Үүнд та санал нийлдэг үү?

-Нийлнэ.

-2015 оны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм билээ. Энэ амжилт одоогоор таны хамгийн дээд үзүүлэлт үү?

-Өсвөрийн хувьд бол тийм. Залуучуудын ДАШТ-д ч гуван жил оролцох боломж байсан ч зардал мөнгөний асуудлаас болоод явж чадаагүй. Харин насанд хүрэгчдийн томоохон тэмцээн гэвэл Иранд болдог “Тахтийн цом”-ын аварга, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

-Өөрөө хотод өссөн үү, нутагтаа юу?

-Хотод. Намайг дөрвөн настай байхад манайх шилжиж ирсэн.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Англи хэл сурах сонирхолтой. Мөн компютерийн өндөр мэдлэгтэй болохыг хүсдэг. Хүмүүстэй ч ярилцаж суух дуртай.

-10 жилийн дараа та өөрийгөө хэрхэн төсөөлж байна вэ?

-Ямар ч байсан зорьсон зорилгодоо хүрсэн байх болов уу.

-Тодруулбал ...

-Олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн байна байх аа. Мөн зодог тайлсан байхыг ч үгүйсгэхгүй.

-Э.Сумъяа та хоёр нэг багшийн шавь. Энэ жилийн ДАШТ-д явах үед М.Пүрэвтунгалагийн аав хэвлэлийн бага хурал хийж, нэлээн хэл ам болсон. Тэмцээний үед түүний сэтгэлийг дэмжих талд ярилцаж амжсан уу?

-Анх удаа ДАШТ-д оролцож байгаа болохоор нь Монголд байхдаа нэлээн юм хэлсэн. Гэхдээ энэ тэмцээнийг биеэрээ мэдэрч байж л ойлгодог юм билээ.

-Та бүхэн тэмцээнд оролцохдоо сэтгэлзүйч авч явдаг уу?

-Тэгдэг. Манай холбоонд У.Чулуунчимэг гэдэг сэтгэлзүйч ажилладаг. Өнгөрсөн болон энэ жилийн ДАШТ-д хамт явсан. Ийм мэргэжилтэй хүнтэй хамтарч ажиллах давуу тал ихтэй.

-Бусад орны тамирчдыг харахад улсаас болон холбооноос ямар дэмжлэг үзүүлвэл илүү амжилт гаргах юм шиг санагддаг вэ?

-Чөлөөт бөхийн холбооны журмаар ОХУ-ын шигшээ багийнхантай саяхан Сочи хотод гурван удаа хамтарсан бэлтгэл хийсэн. Тэгэхэд тэдний 60 орчим тамирчны өмнө 20-иод багш ажиллаж байсан. Харин манай улсын 40 орчим тамирчинд 3-4 багш бэлтгэл хийлгэдэг. Тэгэхээр манайханд багшийн тоо дутмаг байна гэж харсан. Мөн бэлтгэл хийх бүрэн хэмжээний танхим, хооллолтоос эхлээд бусад хэрэгцээ маш их чухал.

-Ярилцсанд баярлалаа. Олимпийн эрхээ баталгаажуулаад Токиогоос медаль зүүгээд ирхэд тань дахин уулзахын ерөөл талбья.      

MNB.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 28 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 34 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 13 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 22 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 33 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 34 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 36 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 37 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 38 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 40 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 41 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 43 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 44 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 45 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 46 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 48 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 50 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 51 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 52 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top