АШУҮИС-ийн "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Сургуулийн багш, ажилчид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сургуулийн хавийн үйл ажиллагааг хангахыг шаардав.
Хэвлэлийн бага хуралд АШУҮИС-ийн багш, "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн, Хангамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Батхуяг, АШУҮИС-ийн багш Т.Баясгалан нар оролцлоо.
2018 оны оны долоодугаар сард БСШС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Ж.Цолмон гэдэг хүнийг томилсон. Тухайн үед тус сургуулийн багш, ажилчид уг томилгоог эсэргүүцэн хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хүмүүс халагдаж, чөлөөлөгдөн, шилжүүлэх үйл явц бас дахин өрнөсөн байна.
2018 арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож, салбарын яам давж заалдаж явсаар эцэст нь Г.Батбаатарыг албан тушаалд эргүүлэн томилох тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш Ж.Цолмон гэж хүний гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр эрх, үүрэг нь дуусгавар болсон хүн зургаан сарын турш АШУҮИС-ийг удирдаж байгаа тухай багш нар мэдээллээ.
Мөн Дээд шүүхийн шийдвэр гарчихаад зургаан сар өнгөрч байхад салбарын сайд нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа, үүнээс үүдэн сургууль дээрх академик соёл алдагдаж, багш, ажилчид хоёр хэсэг болчихсон манай, танай гээд талцаад сууж байна гэв.
Өнгөрөгч сард тус сургуулийн зарим багш "Гурван шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү" хэмээн Ерөнхий сайд, БСШУС-ын сайд нарт албан бичиг хүргүүлсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн оронд хүсэлт гаргасан багш нарыг дуудаж, ажлаас хална хэмээн дарамталсан явдал нэг бус удаа гарсан юм байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн багш нар ч мөн адил "Сургуулийнхаа академик соёлыг хадгалах, Ази, Номхон далайн бүсийн баруун эргийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаа ч одоогийн нөхцөл байдал бидэнд хүндрэл учруулж байна" гэв.



