Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр /2019.09.27/ Горхи Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт дахь "Зуун ламын" агуйн дэргэд Сave Rock цогцолбор байгуулахаар шавыг нь тавилаа.
Энэ төсөл нь ирэх 2020 онд хэрэгжиж эхлэх ба 100 орчим машины зогсоол, задгай театр, үйлчилгээний газар, ногоон орчин, ариун цэврийн байгууламж, иргэдэд түшиглэсэн үйлчилгээнүүд зэрэг бусад зүйлс төлөвлөгдсөн байна.
Цогцолборын газрын асуудлыг БОАЖЯ болон Горхи Тэрэлжийн БЦГ-аас шийдэж өгч байгаа ба төсөл хэрэгжүүлэгч "Өндөр Улаан" ХХК-ийн зүгээс нийт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна.
Ашиглалтад орсон жилээс эхлэн цогцолбор жилийн нийт орлогын 2.5 хувийг Горхи Тэрэлжийн БЦГ-т өгөх гэрээг байгуулжээ. Тус хувиар орж ирэх санхүүжилтыг Тэрэлжид ногоон бүс, аялал жуулчлалын салбарт эргүүлэн зарцуулахаар тусгасан байна.
Шав тавих ёслолд БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны газрын дарга Б.Хашмаргад, Өндөр Улаан ХХК-ийн захирал П.Батхүү нар болон бусад төлөөлөгчид оролцож төслийг танилцууллаа.
Мөн энэ үеэр БОАЖЯ-аас дотоод гадаадын аялагч жуулчдад морь унуулах үйлчилгээ эрхэлж буй нутгийн иргэдэд эмээл, хазаар бэлэглэж "Хандлагаа өөрчилье" уриан дор хариуцлагатай аялахыг уриаллаа гэж БОАЖЯ-наас мэдээллээ.



