Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиож байна.

Ойн баярт зориулсан арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн захирагч, хошууч Г.Баатархүү болон үе, үеийн удирдлага, ажилтан, алба хаагчид оролцсон юм.

Тус анги нь анх 1938 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн төв Баянтүмэн /одоогийн Чойбалсан/ хотод Монгол тээхийн галын пост нэртэйгээр байгуулагдсан бол 1939 оны тавдугаар сард Дотоод яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяа Гал команд болгон  өөрчилснөөр байгууллагын түүхэн замнал эхэлсэн байна.

 Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги нь сүүлийн 10 жилийн хугацаанд ой 8 хээрийн болон ахуйн гал түймрийн 1582, хүн, мал амьтны гоц халдварт өвчний 32 , цаг агаарын аюулт үзэгдлийн 6 удаагийн дуудлагаар ажиллан 212 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 12,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.