Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны тоглолтууд эхэллээ.
“I” хэсэгт багтсан Монголын шигшээ эхний тоглолтдоо өнөөдөр Умард Марианы Арлуудын багийг талбайдаа хүлээн авч 7:0-ээр буулган авлаа. Тивийн аваргын урьдчилсан шатанд шууд өрсөлдөх эрхтэй 32 баг дээр эрхээ авсан зургаан улсын шигшээ нэмэгдэнэ. Монголын залуучуудын шигшээ баг “I” хэсэгт Гуам, Умард Марианы арлууд, Балбатай нэг хэсэгт оржээ. Ингэснээр есдүгээр сарын 6-ны өдөр Гуамын эсрэг тоглолтын үр дүнгээс хэсгээ тэргүүлэх эсэх нь тодорхой болно. Учир нь, Балбын шигшээ баг FIFA-гаас шийтгэл хүлээсэн тул энэ тэмцээнд оролцохгүй аж.
Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 оны гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал БНХАУ-ын Ханжоу хотын дөрвөн цэнгэлдэхэд болох юм. Ази тивийн 16 баг өрсөлдөх тус тэмцээний топ дөрөв нь Узбекистан, Азербайжаны хамтран зохион байгуулах 20 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авна.



