Дэлхийн ширээний теннисний холбооны оноо олгох WTT олон улсын Залуучууд болон өсвөр үеийн тэмцээнийг энэ сарын 14-18 болон 20-24-ний өдрүүдэд болно. Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын ширээний теннисний холбоонд хүсэлт тавьсны дагуу энэ хоёр тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авчээ.
Энэхүү тэмцээнүүд нь Олимпийн эрх олгох тэмцээн бөгөөд ширээний теннисний спортын хувьд анх удаа авснаараа Монгол Улсыг олон улсын тавцанд сурталчлан таниулахаас гадна олон улс үндэстний эв нэгдлийн баяр болох юм.
Дэлхийд ширээний теннисний хөгжлөөрөө Ази тивийн тамирчид тэргүүлдэг бөгөөд олимпийн эрх олгох уг тэмцээнд дэлхийд тэргүүлэгч БНХАУ, Япон, Сингапур, БНСУ, ХБНГУ, Тайван, Энэтхэг, Австрали, Нидерланд зэрэг 30 гаруй орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон зохион байгуулах албаны нийт 700 гаруй зочид төлөөлөгчид манай улсад айлчлан ирж, олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.



