Хоккейн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлчийн тоглолтод Швейцарын шигшээ баг Финландын багийг 4:2 харьцаагаар хожсоноор шөвгийн наймд Шведийн багтай тоглохоор боллоо.
Ингэснээр зохион байгуулагч орны хоккейчид хэсгийн шатны бүх 7 тоглолтын үндсэн цагт өрсөлдөгчдөө хожиж А хэсгийг тэргүүлэв. Харин Шведийн баг В хэсгийн 4 дүгээр байраар шалгарч шөвгийн наймд тоглохоор болсон байна.
В хэсгийн сүүлчийн тоглолтод Канадын баг Чехийн хоккейчдыг 3:2-оор хожсоноор хэсгийн шатны бүх тоглолтод ялалт байгуулж, шөвгийн наймд америкчуудтай учраа таарлаа. Мөн плей-оффт Финландын баг чехүүдтэй, Норвегийн баг латвичуудтай тус тус тоглоно.
Харин хагас шигшээд багуудыг чансаагаар нь дахин эрэмбэлж тоглуулах ажээ. Тодруулбал, шилдэг дөрөвт багтсан багуудаас хамгийн өндөр чансаатай нь хамгийн доогуур чансаатай багтай тоглоно. Хэсгийн шатны тоглолтын дүнгээр Швейцарын баг чансааг тэргүүлж, Канад (2), Финланд (3), Норвеги (4), Чех (5), Латви (6), Швед (7), АНУ (8) удаалжээ.
Шөвгийн наймын тоглолтууд 28-ны өдөр, хагас шигшээ тоглолтууд 30-нд, шигшээ тоглолт ба III байрын төлөөх тоглолт 31-нд явагдана.



