Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах зорилго бүхий Команд штабын сургууль өнөөдөр орон даяар эхэллээ.
Өвөрхангай аймагт Онцгой байдлын газраас зохион байгуулж буй тус сургуулилтад Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн алба, мэргэжлийн ангиуд 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр техник хэрэгслийн хамт оролцож байна. Өглөөний 5.00 цагт зарлан мэдээлэх дуудлагын дагуу цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулахын зэрэгцээ гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, салбаруудын харилцан ажиллагааг сайжруулах, гамшгийн үед шийдвэр гаргах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр мэдлэг, чадвараа нэмэгдүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн алба нь болзошгүй гамшиг, осол эрсдэлийн үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чухал үүрэгтэй. Тиймээс Команд штабын сургуулилт хийснээрээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой аж.



