Азийн элсний спортын VI наадмын элсний бөхийн төрөлд Монголын баг тамирчид хоёр медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг финалд шалгарсан ч чөлөөт бөхийн U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл,U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Малик Прияад 3:2-оор ялагдсан байна. Манай бөх Тайвань, Солонгос, Хятад, Казахстаны тамирчдыг дараалан ялснаар финалд үлдээд байсан бөгөөд Азийн элсний VI наадамд оролцож буй Монголын багийн анхны мөнгөн медалийг зүүв.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 90 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Төрболд хэсгийн эхний хоёр барилдаандаа Камбож, Солонгосыг, хүрэлийн төлөө Хятадын бөхийг ялсан юм.
Азийн элсний наадамд оролцож буй Монголын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.













