x

Монголын хөлбөмбөгийн Үндэсний Дээд лигийн хаврын тойрог эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ)-ны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025-26 оны улирал өнгөрөгч оны намар эхэлж, багууд 1-р тойргийн тоглолтуудаа хийгээд байсан билээ. Улмаар өвлийн улирлын завсарлагын дараа эргэн гадаа талбайн улирал эхэлж, Дээд лигийн тэмцээн 2-р тойргийн тоглолтуудаараа эргэн ирлээ. Энэ жилийн хувьд хөлбөмбөгийн Дээд лигийн тэмцээний 30 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлогтой юм. Мөн энэ хаврын тойргоос эхлэн Дээд лигийг зохион байгуулах ажлыг эргэн МХБХ-ноос хариуцан явуулахаар болжээ.  

Тэмцээний 2-р тойргийн тоглолтын өмнөх гол шуугиан лигийн сүүлийн 2 улирлын аварга “СП Фалконс” баг лигтээ үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон нь байсан юм. Үүнийг дагаад аваргуудын бүрэлдэхүүний шилдэг тоглогчид аль багууд руу шилжих вэ гэдэг нь үзэгч, дэмжигчдийн анхаарлыг ихээхэн татаж байлаа. Мөн нэг баг хасагдсан учраас лигийн систем өөрчлөгдөж, урьдын адил 3 тойрог тоглохгүй болсон. Тодруулбал 9 баг 2 тойрог тоглосны дараа эхний 4 баг хоорондоо нэмэлт 2 тойрог, сүүлийн 5 баг нэмэлт 1 тойрог тоглож дүнгээ гаргахаар боллоо. Ингэхээр эхний 4 баг 22 тоглолт, сүүлийн 5 баг 20 тоглолт хийснээр лигийн тэмцээний шилдгүүд тодрох юм. 

"УЛААНБААТАР" ХОЖИГДОЛГҮЙ ЦУВРАЛАА ҮРГЭЛЖИЛЛЭЭ... 

Хаврын тойргийн нээлтийн тоглолт Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” болон “Ховдын Хүлэгүүд” багуудын хооронд боллоо. Хүснэгтийн дэд байрт жагсаж буй “Нийслэлчүүд” эхний 10 минутад 3 гоол хийж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Улмаар 4:1 харьцаатай хожиж, улирлын 7 дахь хожлоо авч 23 оноотой боллоо. У.Тэмүүлэн энэ тоглолтод хеттрик хийсэн бол Б.Балжинням 1 гоол орууллаа. Шигшээ багийн довтлогч Б.Балжинням удаан хугацаанд бэртэлтэй байсны дараа өнгөрсөн улирлаас эргэн талбайдаа гарсан бөгөөд одоо өөрийн тоглолтоо 100% гаргах түвшинд байгаа нь энэ тоглолтоос харагдлаа. 

“Улаанбаатар” багийн хувьд Европын хөлбөмбөгийн холбооны “A” зэрэглэлтэй дасгалжуулагч, Испани мэргэжилтэн Марио Песог багтаа ажиллуулж байна. Мөн энэ улирал гадны нэг л тоглогчтой байгаа нь үзэгчдийн эчнээ танил болсон Акихиро Сүзүки юм. Тэрээр өмнө нь “Улаанбаатар” багийн бүрэлдэхүүнд Дээд лигт 2 улирал тоглож, алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай. Ингэхдээ 2023 онд аварга болсон жилээ лигийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарсан бөгөөд бүрэлдэхүүний хамгийн чухал тоглогчдын нэг байсан билээ. 

Тэд дотооддоо хийсэн онцлох наймаа гэвэл төвийн хамгаалагчийн байрлалд С.Жамбалбавууг авчээ. Шигшээ багийн олон шилдэг тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан “Улаанбаатар” баг ийнхүү Монгол тоглогчдоороо аварга авах дайралтаа эхлүүллээ. Тэд энэ жил дотоод тоглогчдынхоо нөөцөөр аварга болж, өвөрмөц амжилтыг гаргах зорилготой байна. Тэд одоогоор лигийн 2-р байрт яваа ч энэ улирал хожигдоогүй байгаа 2 багийн нэг юм. 

ТЭРГҮҮЛЭГЧИД УЛИРЛЫН 8 ДАХЬ ХОЖЛОО АВЛАА...

Өнгөрсөн улирал боломжгүй мэт зүйлийг боломжтой болгож Дээд лигтээ үлдсэн “Централ Сталлионс” баг энэ жил бүр ч илүү хүчтэйгээр орж ирсэн билээ. Тэд эхний 8 тоглолтын дараах байдлаар удаах багаасаа 2 онооны илүүтэй лигийг тэргүүлж байсан. Энэ удаад 2:1 харьцаатай “Хоромхон” багийг хожиж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ. “Сталлионс” нийт 8 хожиж, 1 тэнцээд байна. Гоолуудыг Марселу ЖР 36’, Лукас Карвалю 52’(т.ц) нарын Бразил тоглогчид нь орууллаа. 

“Азарганууд” мөн О.Энх-Оргил, Ч.Бат-Эрдэнэ, С.Отгонцагаан нарын сүүлийн 2 улирал аварга авсан чадварлагч хамгаалагчдыг багтаа авчээ. Тэдний туршлага, ур чадвар шинэ баг нь аварга авах зорилгод ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй. 

Нөгөө талд “Хоромхон” багийн ахлагч Н.Наранболд 7’(т.ц) нэг гоол орууллаа. Энэ улирал тэд залуучууддаа илүү боломж олгож, туршлага суулгах зорилготой байна. Тиймээс гадны тоглогчгүйгээр тоглож, шинэ залуу үедээ итгэл хүлээлгэж буй аж. 

"ХАНТЕРС", "ВЕСТЕРН" ОНОО ХУВААЛАА...

Энэ тойрогт лигийн хүснэгтийн 5 болон 6-р байрт ердөө 2 онооны зөрүүтэй бичигдэж байсан “Хантерс” болон “Вестерн” багууд учраа таарсан нь онцлох тоглолтуудын нэг байсан. Хэн хожсон 5-р байраа авах ач холбогдолтой тоглолтод багууд (0:0) хуурай тэнцлээ. “Хантерс” баг БНСУ-ын мэргэжилтэн, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Мо Жион Илийг багтаа авчраад байгаа нь гол өөрчлөлт юм. Түүнчлэн БНСУ-аас 4 тоглогч багтаа нэгтгээд буй. Лигт 2 дахь улиралдаа тоглож буй тэд өнгөрсөн улирлын 7-р байрын амжилтаа ахиулж, Дээд лигийн түвшинд удаан хугацаанд тогтвортой амжилт гаргах сууриа сайн тавих зорилготой байна. 

Харин “Вестерн” гадны тоглогчгүй, 100% Монгол тоглогчдоороо хаврын тойргийг эхлүүллээ. Тус багийн хувьд энэ жилдээ амжилт гэхээсээ илүү эхлээд Дээд лигийн тэмцээнд өөрсдийн байр сууриа олох, тамирчдаа түвшин ахиулж, илүү туршлагажуулах зорилготой байна. Анхны жилээ Дээд лигт тоглож буй “Вестерн” намрын тойрогт 8 тоглолтоос 3 хожил авч сайн тоглолт үзүүлсэн бол 2-р тойргийн эхний тоглолтоосоо 1 оноо авч чадлаа. Энэ жилийн тухайд тэд Дээд лигтээ үлдэх нь тэргүүн зорилт бөгөөд ирэх улирлуудад тогтвортой өсөлт гаргахаар төлөвлөж байна.   

"ХАНГАРЬД" ХАВРЫН ТОЙРГИЙГ ӨНГӨТЭЙ ЭХЛҮҮЛЭЭ...

Энэ жилийн аваргын төлөө дайралт хийх гол багуудын нэг бол сүүлийн 2 улирлын мөнгөн медальт “Хангарьд” юм. Тэд энэ улирал хүчтэй өрсөлдөнө гэдгээ харуулж, 2-р тойргийн эхний тоглолтдоо “Улаангом”-ыг 5:1 харьцаатай хожлоо. Мөн тоглолтын хурд, ойлголцол, хувилбар зэргээрээ бэлтгэл сургуулилт тун сайтай байгаагаа харуулж, хаврын нээлтийн тойрогт хамгийн олон гоол оруулсан баг боллоо. 

Багийн шинэ дасгалжуулагчаар сүүлийн хоёр улирал “Хантерс” багийг удирдсан Ч.Мөнхбат томилогджээ. Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн шилдэг мастеруудын нэг тэрээр өмнө нь "Атлетик220", "Дэрэн" багуудыг удирдаж байсан билээ. Туслах дасгалжуулагчаар Иран мэргэжилтэн Ахмад Али ирсэн бөгөөд тэрээр өмнө нь 2023 тус багтаа ажиллаж байсан туршлагатай.

“Хангарьд” намрын тойрогт боломжит 24 онооноос 10-г алдсан нь тэдний хүссэн үзүүлэлт биш. Тиймээс 1-р тойрогт тоглосон гадны тамирчдаа бүгдийг нь явуулж, шинээр 5 легионер тоглогч авчээ. Мөн “СП Фалконс” багаас авсан А.Содмөнх, Э.Хосбаяр нарын тамирчдаа шууд гараанаас тоглууллаа. Түүнчлэн өвлийн солилцооны цонхоор Г.Буяннэмэх (Ховдын Хүлэгүүд), Ө.Цэлмүүн (СП Фалконс), Б.Мөнхсүлд (Хантерс) нарын залуу тоглогчдоор хүчээ зузаатган, орж иржээ. 

БНСУ-аас ирсэн жигүүрийн довтлогч Жо Хүбин (29’) эхний гоолыг оруулсан бол A.Содмөнх (36’) шинэ багийнхаа төлөөх эхний тоглолтдоо эхний гоолоо хийлээ. Мөн З.Тэмүүлэн (66’), Б.Төгөлдөр (80’) болон сэлгээгээр орж ирсэн Нигер довтлогч Жон Боско 90+2' нар нэг гоол орууллаа. Багийн мэргэн бууч З.Тэмүүлэн энэ улирлын эхний 9 тойргийн дараах байдлаар 9 гоол оруулсан үзүүлэлттэй байна. 

Лигийн шинэ баг болох “Улаангом” эхний тойрогт “Хангарьд” клубт 10:0 харьцаатай хожигдож байсан. Тэгвэл энэ удаад хэдий хожигдсон ч хаврын тойргийг илүү өсөлттэй эхлүүлж буйгаа тоглолтын агуулгаараа харууллаа. Түүнчлэн гарааны бүрэлдэхүүндээ гадны 2 тоглогч багтаасан бөгөөд тоглолтын эхний гоолыг хамгаалагч Т.Пүрэвдорж (22’) мөргөж оруулсан юм. 
Дээд лигийн тэмцээний хүснэгт (9 тойргийн дараах байдлаар):

МХБХ-ны Үндэсний Дээд лигийн тэмцээнд энэ улиралд цааш 9 баг өрсөлдөх болсон учраас тойрог бүрд нэг баг тоглолтгүй өнжинө. Энэ удаад "Дэрэн" баг тоглолтгүй өнжлөө. Багууд дараагийн долоо хоногийн амралтын өдрүүдэд улирлын 10 дахь тоглолтуудаа хийнэ. 
Дээд лигийн 10-р тойргийн тоглолтуудын хуваарь:

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top