Оросын боксчин Дмитрий Бивол Олон улсын боксын холбооны (IBF) аварга цолоо хамгаалах тулааныг Германы боксчин Михаэль Айферттэй “RCC Boxing Promotions” тэмцээний үеэр хийхээр боллоо.
Бивол тавдугаар сарын 30-нд Екатеринбург хотод IBF холбооны хагас хүнд жинд (79.4 хүртэлх кг) дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийх юм.
“Тавдугаар сарын 30-нд RCC Boxing Promotions тэмцээний хүрээнд тулалдана. Сайхан, үзүүштэй тулаан болно гэдгийг амлаж байна. Хоёр сарын эрчимтэй бэлтгэл намайг хүлээж байна. Та бүхнийг бүгдийг нь харахад баяртай байх болно. Екатеринбургт удахгүй уулзъя!” гэж тэрбээр инстаграм хуудсандаа бичжээ.
Бивол, Айферт нарын тулаан тавдугаар сарын 23-нд Египетийн Гиза дахь пирамидуудын дэргэд зохион байгуулах боксын шоуны үеэр болж магадгүй гэж мэдээлж байсан юм. Тэдний тулаан дэлхийн үнэмлэхүй аварга асан, Украины боксчин Александр Усикийн тулаантай хамт болох ёстой байжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Бивол нуруундаа мэс засал хийлгэсэн юм. Айфертэй хийх тулаан нь түүний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших анхны тулаан болно. Тухайн үед тэрбээр нутаг нэгт тамирчин Артур Бетербиевыг ялж, дэлхийн үнэмлэхүй аварга болсон юм. Дараа нь Бивол Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) бүсээ хураалгажээ.
Өдгөө 35 настай Д.Бивол одоогийн байдлаар 24 удаа ялж, нэг удаа ялагдаад байна. Харин 28 настай Айферт 13 удаа ялж, нэг удаа ялагдал хүлээжээ.
Эх сурвалж: RIA Novosti/



