Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр онол, дадлага хосолсон сургалт, ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээн нь эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлзүйн стандарт, удирдамжийн дагуу яаралтай үед амилуулах болон лавшруулах, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг багаар ажиллах чадвар, хандлагыг төлөвшүүлж дадлагажуулах зорилготой юм.
Ур чадварын тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн бүсчилсэн баг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлгүүдийн нийт 16 багийн 90 эмч, мэргэжилтэн оролцсоноос Нэгдсэн эмнэлгийн баг тэргүүллээ.
Дэд байрт Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон, гутгаар байрт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, тусгай байрт Сэлэнгэ бүс болон Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн багууд тус тус шалгарлаа.
Тэмцээнийг Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нар, АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны “Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн бүлэг”-ийн медикүүд болон аймгийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтнүүд хамтран шүүн явуулсан байна.



