Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компани “Формула-1” уралдаанд оролцох боломжийг судалж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
BYD уг уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа нь тус брэндийг дэлхийн зах зээлд сурталчлах нэг арга гэж үзэж байна. "Bloomberg"-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, BYD компани уралдааны шинэ баг бүрдүүлэх эсвэл одоо байгаа багийг худалдаж авах хувилбаруудыг судалж байгаа аж.
Хятадын автомашин үйлдвэрлэгчид ерөнхийдөө авто спортыг төдийлөн сонирхдоггүй. BYD компанийн хувьд уралдааны машин зохион бүтээж, хөгжүүлэх, уралдаанд оролцоход нэг улиралд 500 орчим сая ам.доллар зарцуулахаар байгаа зэрэг маш их зардал “Формула-1”-д оролцоход саад болж магадгүй байна. Түүнчлэн зохион байгуулагчидтай хэлэлцээ хийхэд ч мөн их цаг хугацаа шаардагддаг ажээ. Сүүлийн жилүүдэд “Формула-1” уралдааны нэр хүнд Хятадад өсөж байгаа юм.
Эх сурвалж: Kazinform



