ОХУ ба Украины хооронд энхийн гэрээ байгуулагдсан ч гэсэн Оросын тамирчид өвлийн Олимпын наадамд бие даасан статустайгаар оролцоно гэж Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/Ерөнхийлөгч Кирсти Ковентри Италийн Corriere della Sera сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
“Яг одоогийн үе шатанд нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Оросын тамирчид өвлийн Олимпын ганцаарчилсан төрлүүдэд бие даасан статустайгаар оролцох болно” гэж ОУОХ-ны тэргүүн хэлсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд ОУОХ шийдвэр гаргаж, хэд хэдэн шалгуурыг хангасан тохиолдолд Орос, Беларусын тамирчдыг өвлийн Олимпын тоглолтод оролцуулахыг зөвшөөрсөн юм. Тодруулбал, багийн спортын төрлүүдэд хоёр улсын тамирчид оролцохгүй, мөн цэргийн тусгай ажиллагааг дэмждэг, хүчний байгууллагуудтай холбоотой тамирчид ба туслах ажилтнууд, түүнчлэн сэргээшийн шинжилгээ өгөөгүй тамирчдыг өвлийн Олимпод оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ.
Өвлийн Олимпын наадам Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд болно.



