Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй Мэйжор тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.
Тэмцээний өнөөдөр эхлэх гуравдугаар шатанд Монголын “MongolZ” эхний тоглолтоо хийнэ. Тэдний эхний өрсөлдөгч нь Бразилын “Imperial” баг. Хоёр багийн тоглолт өнөөдөр 20:00 цагаас эхлэх хуваарьтай бөгөөд өмнө нь хоёр удаа учраа таарахад “MongolZ” хоёуланд нь хожиж байжээ. Тэд хамгийн сүүлд 2024 оны аравдугаар сард тоглосон юм.
Бразилын “Imperial” баг Мэйжорыг нэгдүгээр шатнаас эхлүүлсэн байна. Тэд эхний шатанд Монголын “Huns Esports” багийг 2:0-ээр буулган авчээ. Энэ удаагийн Мэйжорт Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлж зургаан баг оролцсон ч “MongolZ”-оос бусад нь тэмцээнээ дуусгасан байна.



